This is an example of a HTML caption with a link.

МАЛЧИНД ТЭТГЭВЭР ТОГТООХОД БАРИМТЛАХ ЖУРАМ

Засгийн газрын 2018 оны 71 дүгээр 
    тогтоолын 1 дүгээр хавсралт

 

МАЛЧИНД ТЭТГЭВЭР ТОГТООХОД БАРИМТЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

  1.1. Малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход энэхүү журмыг мөрдөнө.

1.2. “Малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. 

Хоёр. Малчинд тэтгэвэр тогтоох

2.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин,   50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 

2.2. Малчны өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлсон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ.

Гурав. Малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох

3.1. Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно:

3.1.1. даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр); 

3.1.2. даатгуулагч 1991-1994 оны хооронд хувиараа мал малласан бол 1991-1994 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Хувиараа аж ахуй эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 276 дугаар тушаалын дагуу сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд даатгуулж, орлогоосоо 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлснийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тооцооны хуудас”, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.3. даатгуулагч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-1994 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

3.1.4. даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд ажил олгогч (малчин ажил олгогч)-той гэрээ байгуулан малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол малчнаар ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ, шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлсөн тухай лавлагаа);

3.1.5. даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу       1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн  лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх);

3.2. Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох “А” дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) тодорхойлно.

3.3. Энэхүү журмын 3.2-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, дүүргийн Засаг даргын захирамжаар батлах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, баг (хороо)-ийн Засаг дарга, нийгмийн даатгалын байцаагч (ажилтан), малчны болон малын бүртгэл хариуцсан мал зүйч, малын эмч, нийгмийн ажилтан, улсын бүртгэл болон статистикийн асуудал хариуцсан ажилтан, тухайн сум, баг, хороонд олон жил удирдах албан тушаал хашиж байсан иргэн, эсхүл олон жил амьдарч байгаа нутгийн уугуул иргэний төлөөллийг оруулна.    
 
3.4. Зөвлөлийн дарга нь тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, нарийн бичгийн дарга нь нийгмийн даатгалын байцаагч (ажилтан) байна.

3.5. Зөвлөлийн ажиллах дүрмийг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

3.6. Даатгуулагч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилласан бол түүний ажилласан хугацааг 15 наснаас эхэлж тооцно.

3.7. Малчнаар ажилласан хугацааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацаанд оруулан тооцохгүй.
3.8. Цаа буга маллаж байсан даатгуулагч, саальчин болон 1990 оноос өмнөх хугацаанд тууварчнаар ажилласан даатгуулагчийг энэхүү журмын    1.2-д заасан иргэнтэй адилтгаж үзнэ.

3.9. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа, цэргийн алба хаасан хугацаа, малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй. Харин ерөнхий боловсролын сургуульд суралцсан хугацаанаас бусад дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн (эсхүл шимтгэл төлснөөр тооцогдох) бол тэтгэвэр тогтоолгоход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно.

Дөрөв. Бусад

4.1. Нийгмийн даатгалын байгууллага малчин даатгуулагчид шуурхай үйлчлэх зорилгоор холбогдох бусад байгууллагатай малчдын талаар мэдээлэл солилцож хамтран ажиллана.

4.2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх аргачлал, зааврыг Нийгмийн даатгалын төв байгууллага баталж болно.

4.3. Аймаг, дүүрэг, сумын архивын ажилтан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэлд үндэслэн “А” дансны лавлагааг гаргах үүрэг хүлээнэ.

4.4. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.


---o0o---

 

Засгийн газрын 2018 оны 71 дүгээр
     тогтоолын 2 дугаар хавсралт

 

ДААТГУУЛАГЧИД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХ
НАСЫГ ТОДОРХОЙЛОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

  1.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан болзол хангасан даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох насыг тодорхойлоход энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Тэтгэврийн нас тодорхойлох, даатгуулагчийн хүсэлтээр
өндөр насны тэтгэвэр тогтоох 

 

2.1. Даатгуулагчид өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дах хэсэгт тус тус заасны дагуу тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн    2 дугаар зүйлд заасан тэтгэвэр тогтоолгох насыг баримтална. Тухайлбал,

Тайлбар 1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн, 1958 оны        2 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас 3 сартайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.  

Тайлбар 2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 15 жил төлсөн, 1963 оны        3 дугаар сарын 1-нд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу 55 нас 3 сартайдаа өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх үүснэ.      

2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох бөгөөд энэ тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2018 онд 20 жил 3 сар, 2019 онд 20 жил 6 сар, 2020 онд 20 жил 9 сар, 2021 онд 21 жил, 2022 онд 21 жил 3 сар, 2023 онд 21 жил 6 сар, 2024 онд 21 жил 9 сар, 2025 онд 22 жил, 2026 онд 22 жил 3 сар, 2027 онд 22 жил 6 сар, 2028 онд 22 жил 9 сар, 2029 онд 23 жил, 2030 онд 23 жил 3 сар, 2031 онд 23 жил 6 сар, 2032 онд 23 жил 9 сар, 2033 онд 24 жил, 2034 онд 24 жил 3 сар, 2035 онд 24 жил 6 сар, 2036 онд 24 жил 9 сар, 2037 он болон түүнээс хойш 25 жил тус тус байна. Тухайлбал,

Тайлбар 3. Нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил 3 сараас доошгүй төлсөн 1958 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд өөрөө хүсвэл 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас хүрээд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.       

2.3.   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг хангасан эмэгтэй даатгуулагч 50 нас хүрч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд энэхүү журмын 2.2-т заасан хугацааг баримтлахгүй.

2.4. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл (газрын дор, хортой, халуун, хүнд)-өөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн      3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд энэхүү журмын 2.2-т заасан хугацааг баримтлахгүй.

Гурав. Бусад


3.1. Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.