This is an example of a HTML caption with a link.

Хамгийн их асуудаг асуулт

1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээг эргэн харж, зөрүүг багасгаж өгөөч. Тухайн үед ажил хийж улс орондоо хүч хөдөлмөрөө зориулчихаад хөгширсөн хойноо бага тэтгэврээр арай ядан амьдарч байна. Энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөх боломж бий юу?

Нийгмийн даатгалын тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон өндөр настнуудын тэтгэврийг Засгийн газрын 1997 оны 201 дүгээр тогтоолоор шинэчлэн тогтоож, хууль эрх зүйн ижил орчинд шилжүүлсэн билээ. Ингэхдээ тухайн үед иргэдийн авч байсан тэтгэврийг бууруулахгүй байх бодлого баримталж, хэрвээ шинэчлэн тогтооход тэтгэврийн хэмжээ нь буурахаар байвал иргэний тухайн үед авч байсан тэтгэврийг хэвээр нь олгосон билээ. Үүнийг Засгийн газрын 201 дүгээр тогтоолын 2-ын “б”-д “тухайн тэтгэвэр авагчийн одоогийн авч буй тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх” гэж зааснаас харж болно.

Түүнээс хойш удаан хугацааны туршид инфляцийн нөлөөгөөр худалдан авах чадвар нь буурсан цалин хөлсийг итгэлцүүр /индекс/-ээр өсгөж, өнөөгийн түвшинд хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 1997- 2007 онд тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүрийг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоож, иргэдийн өмнө тогтоолгосон тэтгэврийг  нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авсан билээ. Ийнхүү итгэлцүүр хэрэглэж, иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо 1997 оны Засгийн газрын 201 дүгээр тогтоолын 2-ын “б” заалттай адил буюу тухайн үед авч байсан тэтгэврийн хэмжээнээс нь бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд 2007 онд тэтгэвэр бодох суурь цалин нь ижил түвшинд очсон учраас тухайн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан тэтгэврийн зөрүү үндсэндээ арилсан гэж үзэх үндэслэлтэй.
Харин 1995 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тухайн хүний тэтгэвэр нь шимтгэл төлсөн буюу ажилласан хугацаа, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааралтай тогтоогдохоор зохицуулсан, ялангуяа тэтгэврийн хэмжээнд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болох цалин хөлсний түвшинд 1990 оноос хойш гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор тэтгэвэр ялгаатай тогтоогдож байна.

Тухайлбал:

1/ Манай улс 1990 оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр төрийн өмчийн үйлдвэрүүд хувьчлагдаж, аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө эдийн засгийн чадавхийг харгалзан, ажилчдынхаа цалин хөлсний хэмжээг өөрсдөө тогтоодог болсон. Ийм учраас өөр өөр компанид ажиллаж байгаа ижил мэргэжлийн хүмүүс ч харилцан адилгүй цалинтай байгаа болно.

2/ Төрийн албан хаагчдын цалин хөлсний хэмжээ 1990 оноос хойшхи үнийн өсөлтөөс харьцангуй хоцорч явсан бөгөөд 2006-2008 оны хооронд мэдэгдэхүйц нэмэгдэж, хувийн хэвшлийн түвшинд дөхөж очсон байна. Энэ хугацааны цалингаа тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаждаа оруулан тооцуулж байгаа учраас төрийн албанаас тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэвэр харьцангуй өндөр тогтоогдох болсон.

3/ 1990 оноос хойш багш, эмч, нягтлан бодогч, тогооч гэх зэрэг олдоцтой мэргэжлийн хүмүүс  цалингаа нэмэгдүүлэх буюу хэд хэдэн газарт давхар ажиллах, эсвэл өөр ажил давхар гүйцэтгэж орлогоо нэмэгдүүлэх боломж нээлттэй болсноор иргэдийн тэтгэвэр өндөр тогтоогдож байна. Тийм учраас нягтлан, эсвэл тогооч гэх мэт ижил мэргэжилтэй хүмүүс ойролцоо тэтгэвэртэй байх тухай ойлголт одоо байхгүй болоод байна.
Ийм учраас 1995 оноос өмнө ба хойно тогтоолгосон ижил мэргэжлийн, адил хугацаанд ажилласан иргэд адил хэмжээний тэтгэвэр авах ёстой гэсэн төсөөлөл бодитой биш болж, тэдний тэтгэврийн хэмжээ адил байх үндэслэлгүй болно.
Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хүрээнд тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгохоор, ялангуяа өндөр насны суурь тэтгэвэр бий болгох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж, Монгол Улсын иргэн тодорхой насанд хүрээд (60 нас) төрөөс тодорхой хэмжээний буюу тэтгэврийн хэмжээнээс хамаарч ялгаатай тэтгэвэр авдаг эрхтэй байхаар хуулийн төсөл боловсруулж байна. Энэхүү хуулийн төсөл батлагдвал бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэвэр нэмэгдэж, огт тэтгэвэр авдаггүй иргэд тодорхой хэмжээний тэтгэвэр авах боломжтой болох юм.

Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулж болохгүй юу?

УИХ-аас 1994 онд баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар зохицуулсныг 1999 онд хуульд орсон өөрчлөлтөөр эрэгтэй, эмэгтэй адилхан 60 нас хүрсэн бол, харин 55 насанд хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар өөрчилсөн юм. Өнөөдрийн хувьд тэтгэврийн нас энэ хэвээрээ байгаа болно.  
Гэхдээ цаашид монгол хүний дундаж наслалт уртсаж байгаа, 20-иод жилийн дараагаас хүн ам насжиж, ахмад настны тоо эрс нэмэгдэх, шимтгэл төлөгчдийн тоо буурах хандлагатай байгаа учраас тэтгэвэрт гарах насыг эдийн засгийн нөхцөл байдал, ажлын байрны олдоц зэргийг харгалзан үзэж урт хугацаанд шийдвэрлэх болно.

Ахмадуудын тэтгэвэр маш бага байна. Нэмэх боломж байхгүй юу?

Монгол Улсын Засгийн газраас ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ялангуяа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг 1995 оноос эхлэн дэс дараатай авч ирсэн билээ.
Үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа хоёр үндсэн аргыг хэрэглэж байна. Үүний нэг нь нэгэнт тогтоогдсон тэтгэврийн хэмжээг өмнөх хүрсэн түвшингээс нь тодорхой хувиар, эсхүл тоон хэмжээгээр нэмэгдүүлж байна. Нөгөө нэг арга нь тэтгэвэр бодсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлэх буюу итгэлцүүрээр өсгөж тооцох арга юм. Өөрөөр хэлбэл тэтгэврийн хэмжээг богино хугацаанд инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх тохиолдолд нэг дэх аргыг, удаан хугацааны туршид инфляцийн нөлөөгөөр худалдан авах чадвар нь буурсан цалин хөлсийг индексжүүлж  өнөөгийн түвшинд буюу тэтгэвэр бодох суурь цалин хөлсний хэмжээг ижил түвшинд хүргэхэд  хоёр дахь аргыг хэрэглэж байна. Тухайлбал, 2007 онд Засгийн газрын 109 дүгээр тогтоолоор баталсан итгэлцүүр хэрэглэж, тэтгэврийг шинэчлэн бодсоноос хойш өнөөг хүртэл хугацаанд та бүхний тэтгэврийг 2007 онд 7500-11250 төгрөгөөр, 2008 онд  20,0 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ тус тус авсан билээ.
Дээрх тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд 2008-2010 оны хооронд тэтгэвэр нийт дүнгээрээ 56 хувиар өсчээ. Харин энэ хугацаанд үнэ 2008 онд 22,1 хувь, 2009 онд 4,2 хувь, 2010 онд 13,1 хувиар /урьдчилсан байдлаар/, нийт дүнгээрээ 43,9 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн хугацаанд тэтгэврийн өсөлт үнийн өсөлтөөс даруй 10 гаруй хувиар илүү байна.
Гэсэн хэдий ч тэтгэврийн хэмжээ харьцангуй доогуур байгаа гэдэгтэй бид санал нэг байна. Тийм ч учраас тэтгэврийн шинэчлэл хийх асуудлыг нухацтай авч үзэж байгаа болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, ахмад настнуудынхаа ахуй амьдралыг дэмжих талаар цаашид ч арга хэмжээ авах болно.

Хөдөө орон нутагт малчид мал маллаж ажил амьдралаа залгуулдаг. Гэтэл тэтгэвэрт гарах гэхээр ажилласан жил болоод нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь хангалтгүй байна гээд тэтгэвэрт гарч чаддаггүй. Эсвэл тэтгэвэрт гарахаараа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Малчдын амьдрал хүнд байгаа тул энэ асуудлыг судлан үзэж нэмэгдүүлэх арга хэмжээ авч болох уу?

1995 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийтдээ 20 жил шимтгэл төлсөн буюу ажилласан хүн тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр, илүү ажилласан жил тутамд 1,5 хувийн нэмэгдэл авахаар, өөрөөр хэлбэл ажилласан жил нэмэгдэхийн хирээр тухайн хүний тэтгэвэр өндөр байхаар зохицуулсан билээ. Энэ нь хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ илүү шимтгэл төлж, тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэртэй байхыг урамшуулах зорилготой юм.
Гэвч одоогийн тэтгэврийн даатгал хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нь нийцэхгүй байгаа, тогтмол бус орлоготой малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.10-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор малчдын тусгай тэтгэврийн тогтолцоог бий болгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцооны 2 дахь давхаргад хамруулах асуудлыг төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд авч үзэж байна.
Түүнчлэн тэтгэврийн олон давхаргат тогтолцооны эхний давхаргыг Монгол Улсын иргэн шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран улсын төсвөөс тодорхой хэмжээний тэтгэвэр авахаар Суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл, түүнчлэн малчны тэтгэврийн даатгалын асуудлыг судлан боловсруулж байна.

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуултууд

1.    Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү?

Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

2.    Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яах вэ?

 Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө бүрэн хариуцан төлнө.
Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрт 10500-11340 төгрөгийг тухайн даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт нь төлдөг.

 

3.    ЭМД-тай хүнд шинжилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр хийх үү?

Даатгуулагч өвчний учир эмчийн заалтын дагуу 36000 төгрөг хүртэлх төлбөрийн оношлогоо, шинжилгээ хийлгэх эрхтэй.

 

4.    Шинжилгээ үнэгүй хийгдэж байгаагаас өөр урамшуулал үзүүлдэг үү?  

Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн тусламж, үйлчилгээ
  • Оношлогоо, шинжилгээ
  • Өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Нөхөн сэргээх эмчилгээ
  • Хөнгөвчлөх эмчилгээ
  • Уламжлалт эмчилгээ
  • Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

 

5.    Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдөг.  Энэ ямар учиртай вэ?

 Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэлээ төлсөн  ажил хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө, үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй.

 

6.    Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар тодруулж өгнө үү. Хаанаас авдаг вэ, аль нэг дурын эмийн сангаас авч болох уу?

 Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол та аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэй даатгалын гэрээ бүхий эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 132 нэр төрлийн 339 эмээс үйлчлүүлэх эрхтэй. Эдгээр эмийн төрлөөс нь шалтгаалан үнэд нь 5-94 хувийн буюу 120-18000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

7.    Эрүүл мэндийн даатгал төлж байх хугацаанд хэдэн удаа бүрэн үзлэгт хамрагдах боломжтой вэ?

 Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг үйлчилгээ аваагүй бол таныг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхээр урамшуулна.

Даатгуулагч та урамшууллын нөхцөлийг хангасан бол харъяа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж, хүсэлтээ гаргаж болно.

 

8.    Даатгалтай байх, даатгалгүй байх 2-ын ялгааг тайлбарлаж өгөөч?

Хэрвээ та эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухайлан тогтоосон тарифын 10-15 хувийг  өөрөө төлж, 85.0-90.0 хувийг эрүүл мэндийн даатгалын  сангаас  төлүүлнэ. Та даатгалгүй бол зардлыг өөрөөсөө бүрэн төлнө. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын бусад бүх үйлчигээний төлбөрийг та өөрөө хариуцна.

9.    Даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ эм тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдох уу?

Эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн, мөн хэвтэж эмчлүүлэх хугацаанд лабораторийн шинжилгээ төлбөртэй хийсэн бол уг эм тарианы үнэ болон шинжилгээний төлбөрийг даатгагчид бүрэн нөхөн олгох үүрэгтэй.

10. Гадаадад эмчлүүлсэн иргэнд эрүүл мэндийн даатгал хамаарах уу?

 Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлдөг.

 11. Шинэ төрсөн хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ хэрхэн авах вэ?

 16 хүртэлх насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг төрсний гэрчилгээгээр нь үзүүлдэг. Иймээс 16 хүртэлх насны хүүхэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ авах шаардлагагүй.

 12.  Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хичнээн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй вэ?

 Та эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 1328000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй.

 13. Оюутан сурагчид эрүүл мэндийн даатгалд яаж хамрагдах вэ?

 Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2012 оноос эхлэн төрөөс хариуцаж байна.

Харин их, дээд сургууль, коллежийн өдрөөс бусад хэлбэрээр суралцагч, МСҮТ-ийн оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан жилдээ 8040 төгрөг төлнө.

 14. Тархины мэс засалд ороход маш их зардал гардаг. Үүнийг даатгалаас хариуцах уу?

 Эрүүл мэндийн даатгалын сангаас оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн аргаар буюу даатгуулагчийн өвчний онош, өртгийн жин нэг даатгуулагчдад ногдох зардлын хэмжээг баримтлан төлбөр төлдөг.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрт оношийн бүлэг, өртгийн жингээс хамааран 116400-643272 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлдөг. Хэрэв даатгуулагч улсын эмнэлэгт “Тархи нугас, захын мэдрэлийн мэс засал”  (“G00-G99” оношийн код) хийлгэсэн тохиолдолд 557544 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт төлнө.